среда, 3 ноября 2010 г.

Улс төрийн үзэл суртлын мөн чанар, ач холбогдол

Үзэл суртал нь улс төрийн эрх зүйн, ёс суртахууны зэрэг нийгмийн ухамсрын аль нэг хэлбэрээр илэрч, оршиж чаддаг.Эдгээрийн дотроос улс төрийн үзэл суртал нь улс төрийн харилцаа, засаглалын харилцааг тусгаж, уг харилцаанд оролцогч хүчнүүдийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг тул хамгийн чухал нь юм.Үзэл суртал нь улс төрийн бодлогод нөлөөлхийн зэрэгцээ улс төрийн бодлого, өөрийн зүгээс үзэл суртлын материаллаг урьдач нөхцөл бий болгож, нөлөөллийг нь зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.Харгис улс төрийн бодлого нийгмийн тухай номлолыг зөвхөн үзэл суртал болгон хувиргаж, түүнийг гагцхүү өөртөө үйлчлүүлэх зорилго тавьдаг.Үүнийг сталинист улс төрийн бодлого үзэл суртал хоёрын холбоо нэн тод харуулсан юм.Харин дэвшилтэт улс төрийн бодлого нийгмийн тухай номлолыг үзэл суртлын хүлээснээс ангижруулж, хөндий байлгадаг нь түүний шинжлэх ухааны агуулгатайгаар хөгжих нэг чухал нөхцөл нь болдог.Өөрөөр хэлбэл улс төрийн бодлого үзэл суртал хоёрын харилцаа холбооны дотор улс төрийн бодлого эцсийн бүлэгт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.Гэхдээ үзэл суртал нь улс төрийн бодлогодоо идэвхтэй, зарим тохиолдолд онцгой ач холбогдолтой нөлөө үзүүлж байдаг.

Үзэл суртал нийгмийг нэгтгэж нягтруулах, нам, хэсэг бүлгийн, үзэл бодол төдийгүй өргөн олны ертөнцийг үзэх үзэл, улс төрийг суурь ухамсрыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг.Амьдрал дээр шинжлэх ухаан тэр бүр хариулт өгч, шийдвэр гаргах боломжгүй олон асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог бөгөөд үүнд үзэл суртал гол үүрэгтэй.Зорилт тодорхойлох, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж хураангуйлан олон түмний ухамсарт хүргэх талаараа үзэл суртал давуу талтай байдаг. Нийгмийн ухамсрын үзэгдлийн хувьд үзэл суртал хэд хэдэн онцлог шинжтэй. Тухайн үзэл суртал нь нийгмийн аль нэг бүлгийн өвөрмөц, онцгой ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийн тусгал болдог бөгөөд тэр бүлгийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй .Аливаа ашиг сонирхлыг тусгасан үзэл санаа болгон үзэл суртал байж чадахгүй.Нийгмийн томоохон бүлэг болох анги, үндэстэн мөн намын сонирхол, зорилго хэрэгцээг илэрхийлсэн системчлэгдсэн саналын нийлбэр цогц хэмээн үзэл суртлыг олон судлаачид тодорхойлон санал нэгддэг. Нийгэм улс төрийн хөгжлийн талаар бүлгийн байр суурийг илэрхийлсэн явцуу ухамсрын нэг хэлбэрийн хувьд үзэл суртал нийгмийн одоо ба ирээдүйн хөгжилд нийцсэн дүн шинжилгээ өгөх шалгуурыг олон түмний ухамсарт нэвтрүүлэх зорилготой юм.Аливаа үзэл суртал улс төрийн шинжтэй өөрөөр хэлбэл нийгмийн улс төрийн байгуулалтын талаар болон нийгмийн амьдралд улс төрийн эзлэх байр суурийн тухай нийгмийн бүлгийн үзэл бодол юм. Нийгмийн бүлэг засгийн эрхэнд санаархаж, түүнийг ашиглах гэсэн үйл ажиллагаа бодлогыг үндэслэх үүргийг улс төрийн үзэл суртал гүйцэтгэдэг.

Нийгмийн улс төрийн харилцааг тусгаж буй улс төрийн ухамсрыг хувь хүний ба хамт олны гэж ялгана.Хамт олны улс төрийн ухамсрын хөгжлийг зөв тусган илэрхийлж дүгнэх байдал нь улс төрийн системтэй сэтгэлгээ, түүний дотор улс төрийн үзэл суртал бүрэлдэн бий болоход их үүрэг гүйцэтгэдэг.Мөн тэр нь улс төрийн үзэл суртлын агуулга болох юмуу, түүнээс хамаарахгүйгээр шинжлэх ухааны мэдлэг болж үүсэх улс төрийн тодорхой номлолд маш чухал нөлөө үзүүлдэг.Аль нэг улс төрийн номлол нь төрийн үндсэн хууль, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, улс төрийн хүчнүүдийн үзэл санааны зорилго, арга замыг тодорхойлсон бусад баримт бичгүүдэд ямар нэг хэмжээгээр тусгагддаг.Үзэл суртал ба улс төрийн бодлого хоёрын уялдаа холбоо дараах байдлаар илэрдэг:

-Улс төрийн хүчнүүд ялангуяа нам улс төрийн бодлогоо тодорхойлж, зорилгоо хэрэгжүүлэх арга замыг сонгож байдаг.Мөн энэ үндсэн дээр улс төрийн хүчнүүдийн байр суурь төлөвшин тогтож улс төрийн дэмжигчдээ олж авдаг нь дандаа шинжлэх ухааны онолд тулгуурлах бололцоо тэр бүр байдаггүй.Ийм нөхцөлд тодорхой үзэл сурталд илүү үндэслэдэг.

- Үзэл суртал нь улс төрийн хүчнүүдийг нэгтгэгч чухал хүчин зүйл болдог.Яг нэг ижил биш боловч ойролцоо үзэл бодол, онолын баримтлалтай хүмүүсийг холбон нэгтгэх явдал бол улс төрийн томоохон хөдөлгөөн, байгууллагын онцлог шинж юм.

- Хувь хүн нийгмийн бүлгийн улс төрийн үйл ажиллагааны өрнөл, идэвхт чанарт үзэл суртал хүчтэй нөлөөлдөг.Тухайлбал: эх оронч үзэл, үндэсний үзэл зэрэг нь хүмүүсийн эрэлхэг зоригийг төрүүлэх чадвартайг нотлох түүхэн жишээ олон бий.

Нийгмийн бүлгүүдийн хэрэгцээ, нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээ, үнэт зүйлийн хоорондын зөрчил нь уг асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий шинэ үзэл санаа, байр суурь бий болоход хүргэдэг, улмаар үзэл суртал үүсдэг байна.Нийгмийн амьдрал дахь үзэл суртлын үүрэг дараах байдлаар илэрнэ.Үүнд:

1. Чиглүүлэн заах: Үзэл суртал нь хүмүүст нийгмийн дэвшил, хувь заяа, засаглал зэргийн талаарх төсөөллийг хүмүүст өгч үйл ажиллагааг нь чиглүүлэн удирдана.

2. Дайчлах: Улс төрийн үзэл суртал нийгэм, бүлэг, хувь хүнийг улс төрийн амьдралд татан оруулах шууд сэдэл болдог.

3. Нэгтгэн нягтруулах: Үзэл суртал нь салангид, өөр хоорондоо зөрөлдсөн байр суурь, ашиг сонирхлуудыг нэгтгэн зангидаж нийгмийн системд нийцүүлдэг.

4. Саармагжуулах: Нийгэмд хүндрэл бэрхшээл тулгарахад үзэл суртал түүнийг саармагжуулан уг хямралаас гарахад дөхөм болдог.

5. Нийгмийн бүлгийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах: Улс төрийн үзэл суртал нь ямар нэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн тулд л үүсдэг, үйлчилдэг.

Улс төрийн легитимт байдлын асуудал бол өнө эртний зүйл. Үзэл суртал бол улс төрийн дэглэм, улс төрийн соёлын аль алины легитим байдлыг хангаж өгч чаддаг.Энэ нь ялангуяа ардчилсан бус нийгмүүдэд тохиолдоно. Бараг эрх баригч бүр, засгийн газар бүр, тэр бүү хэл хамгийн дарангуйлагч нэгэн ч өөрийн эрх мэдлээ ямар нэг байдлаар зөвтгөх шаардлагатайг боддог байж. Хэрэв тухайн эрх баригчийн легитим нь өргөн дэлгэр хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд тэрбээр амь амьдрал мэтийн асуудлыг шийдэх өндөр эрх мэдэлтэй болж түүнийг ард түмэн ямар нэг асуудалгүй адаглаад хүчтэй эсэргүүцэлгүй хүлээн авах болно.Нэгэнт үзэл суртал буруу байх учиргүй тул мөн улс төрийн алив асуудалд хариулт өгөх тул үзэл сурталд дулдуйдан үйл ажиллагаа явуулж буй засгийн газар бараг үйлдэл бүрээ, түүгээр үл барам хууль зөрчсөн, хүчирхийллийн шинжтэй байсан ч зөвтгөх бололцоотой.Улс төрийн өөрийгөө зөвтгөхүй ямар ч нөхцөлд илэрхий байдаг.Үүнийг үндсэн хуулиар хязгаарласан хэдий ч заримдаа бүр ардчилалуудад ч тохиолдоно.Үзэл суртал бол улс төрийн өөрийгөө зөвтгөхүйн тулгын чулуу мөн.Учир нь “юм бүхэн засгийн газарт хамаатай, түүний зорилго нь үзэл сурталд нийцүүлэн нийгмийг өөрчлөн байгуулахад оршино”[1] гэсэн ойлголтод гуйвалтгүй үнэнч байдаг. 20-р зуунд үзэл сурталд тулгуурласан легитим байдал тоталитар дэглэмийн тулгын чулуу болсон.Германы нацистууд (1933-1945) болон ЗХУ-ын коммунистууд (1917-1991) өөрсдийн дэглэмийг өргөн олноор дэмжүүлэхийн тулд үзэл суртлыг хэрхэн ашиглахыг маш хурдан сурчээ.Нацист удирдагч нар герман хүмүүс Норд бус үндэстнүүдтэй харьцуулбал бие бялдар, оюун ухааны хувьд тэднийг дагуулахгүй хэмээн зогсоо зайгүй давтаж байв.Уг үзлийг онцлон цохож засгийн газрын агентууд “дорд” хэмээн тодорхойлсон ард түмнүүд (славъянуууд, еврей нар, африкууд, цыганууд болон бусад) бол дэд хүмүүс юм.Зөвлөлтийнхөн коммунист нийгмийн эдийн засаг, ёс суртахууны давуу хүчийг онцлон тэмдэглэж байв.Тэд зөвлөлтийн иргэдэд ялзран доройтож буй капиталист нийгмийг бодвол коммунизм нь хүний нөөц чадавхийг илүү дэмжсэн, нийгмийн хамгийн орчин үеийн хэлбэрийг төлөөлж байдаг хэмээн зааж байсан.Нийгэм улс төрийн амьдрал харьцангуй тогтвортой тайван үед улс төрийн онол сургаалийн аль нэг чиглэл хүн ардын олонхийн эрх ашиг, санаа сэтгэлд нийцэж зонхилох үед тэрээр нийгмийн тухайн байгуулал, улс төрийн дэглэмийг зөвтгөж үзэл суртлын тал давамгайлдгийг түүх харуулж байна.Тээвэр холбоо харилцааны дэвшил төрд урьд байгаагүй шинэ үүрэг ногдуулж байна.Мянга мянган жил өөрийн иргэдийг хяналтдаа байлгахад төрд өрсөлдөгч байсангүй.Одоо цагт хэдэн мянган бээрийн зайд мэдээ мэдээлэл хоромхон зуур бараг хүч гаргалгүйгээр солилцоход үндэстнүүдийн хил шугам юу ч биш болсон ажээ.Тийм ч учраас хүн төрлөхтөн тэр бүр үзэл суртал болгоныг үг дуугүй дагахаасаа илүү зөв бурууг тунгааж өөрийн үзэл бодлоор улс төрийн үзэгдэл, үйл явцад өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөх болсон.

2.2 Улс төрийн үзэл суртлын цаашдын чиг хандлага

Тодорхой хэдэн үзэл суртал мэдэгдэхүйц хүч суларсан гэдгийг бид итгэлтэй хэлж болно.Эдийн засаг, улс төрийн бүтэлгүйтэл нь өргөн олонд илэрхий болсноор коммунизм 1990-ээд оны эхээр Зүүн европ болон Зөвлөлт холбоот улсад хөрснөөс арчигдсан.Дэлхийн 2-р дайнд ялагдснаар фашизм хөсөр хаягдсан.Гэвч үзэл суртал нэрээ гутаасан хэдий ч заавал үгүй болох ёсгүй.Тухайлбал: Коммунизм ердөө л шинэчлэгдсэн.Нэр хүнд олох, чөлөөт сонгуулиар дахин сэргэхийн тулд Өрнөд болон Европт коммунист намууд олон тохиолдолд нэрээ сольж, ардчилсан зүүний нам хэлбэрээр шинээр гарч ирж байна.Гайхалтай нь зарим нам сонгуульд өндөр амжилт олсон.Дахин сэргэсэн ( өөрчлөгдөн шинэчлэгдээгүй) фашизм хүртэл Италид амжилтанд хүрээд байна.Коммунизм үзэл суртлын хувьд хэдийнээ дампуурсан газруудад юу ч өөрчлөгдөөгүй байна.Англи хэлтэн орнууд хуучин Баруун Германд коммунист намуудыг дэмжих төдий байв.Эдгээр орны улс төрийн соёл, коммунист үзэл суртлыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй эсвэл ардчилсан нийгэм дэхь утга учиргүй тоталитар үлдэц хэмээн удаан хугацаанд гадна орхисон байсан.Коммунизмыг улс төрөөс шоовдорлогдсон, эдийн засгийн архаг доройтлын гаргууд илэрхийлэл гэж үздэг.Тодорхойлж үзвээс бараг бүх үзэл суртал өөрсдийн дуртай төлөвлөгөөндөө нийгмийг багтааж барихыг хичээдэг.Нэгэнт тоталитар дэглэм тогтоосон Зөвлөлтийн коммунист удирдагчид аливаа өөрчлөлтийг үл тэвчиж, түүнийг үгүйсгэхийг оролдож байлаа.Коммунистууд хянаж байсан засгийн газруудтай(Хойд Солонгос, Куба, Вьетнам, Камбожийн эдийн засгийг коммунизм гүйцэтгэсээр байгаа хэдий ч эдгээр хатуу коммунист орнуудад чөлөөт зах зээл удаан боловч хөлөө олсоор байна) ихэнх орнуудад коммунизм задрахын хамт дэлхийн үлэмжхэн хэсэг “ үзэл сурталгүйжиж” байна гэсэн угтал дүгнэлт өргөн дэлгэрсэн билээ.Нэлээд газар эл үзэлд ташуур өгч дэмжсэн.Гэвч үзэл суртлаас ангижиртал өдий байна.Үзэл суртал бол улс төрийн дэглэм, улс төрийн соёлын аль алины легитим байдлыг хангаж өгч чаддаг.Энэ нь ялангуяа ардчилсан бус нийгмүүдэд тохиолдоно.Чөлөөт сонгууль байхгүй нөхцөлд авторитар засгийн газар өөрийн оршин тогтнолын легитим шинжийг хангаж, үйл ажиллагаагаа үндэслэлтэй болгохыг хичээнэ.Ихээхэн хүч хэрэгсэл дайчлагдсан энэ үед үзэл суртлын аюулаас сэрэмжлэхийг бид эрмэлзэж байна. Янз бүрийн үзэл санаа, онол, урсгал чиглэлүүд хоорондоо тэмцэлдэж нэг нь нөгөөгөө халан сольж шинэчлэгдэж иржээ.Гэвч улс төрийн үзэл суртал, урсгал чиглэлүүдийг хоорондоо дан тэмцэлдэж бие биеэ үгүйсгэж ээлж дараалан солигдож, завсар тасалдалтайгаар явж ирсэн мэтээр ойлговол бодит байдалд үл тохирно.Улс төрийн үзэл суртал, номлолын түүхэн хөгжлийн явцад янз бүрийн сургаалууд хоорондоо уламжлалын холбоотой байж бие биедээ харилцан нөлөөлж, нөхөн сэлбэлт явагддаг, тэгснээрээ улс төрийн үзэл суртлын бүхэл, тасралтгүй дэвшин дээшлэх чиг шугам хангагддаг ажээ.Улс төрийн шинэ онол, сургаал үүсэж боловсрохдоо огт хоосон хөрсөн дээр гэнэт ургаж бий болдоггүй ба өмнөх үеийн сургаалийн үзэл санаа, уламжлалд үндэслэж, түүний ойлголт, хэллэг, төрөл зүйл, нэр хүнд зэргийг ямар нэг хэлбэрээ ашиглан эзэмшиж уламжилдаг.Түүний зэрэгцээ тэдгээрийг шинэчилж баяжуулах замаар урагшлан хөгждөг зүй тогтолтой.Улс төрийн шинэ онол өмнөх үеийн сургаалд анхааралтай хандаж, түүний дэвшилттэй шилдэг өв сан, ололт амжилтыг өвлөн авч шинэчилж баяжуулдаг.Харин дутагдал, сул тал, цагийн аясаар хуучирч хоцрогдсон үзэл санааг нь шүүмжилж ухамсартайгаар орхидог зүй ёсны эерэг хандлага гардаг. Тухайлбал хуучин байсан үзэл суртлын шинэчлэгдсэн хувилбар болж гарч ирсэн неолиберал, неоконсерватизм, социал-демократ үзэл суртал өнөөдөр ихээхэн амжилтанд хүрээд байна.Либерал ардчилсан гэгдэх ганц нам Японд бараг 40 гаруй жил эрх барьж байна.АНУ-д Ардчилсан нам ховорхон завсарлагатайгаар 1931-1995 оны хооронд бараг 60 гаруй жил Конгрессын 2 танхимыг хянаж байлаа.70 жилийн дотор анх удаагаа 1997-1998 оны хооронд 107 дахь Конгресст Бүгд найрамдах нам 2 удаа дараалан конгрессын олонхи болсон юм.21-р зууны босгон дээр урьд нь социал-демократ, либерал, консерваторуудын хооронд ширүүн тэмцлийн шалтаг болж байсан үзэл суртал, улс төрийн чиг баримжаа ч ойртжээ.Одоо үед ардчиллын “хэмжээ хязгаар” маргааны гол сэдэв болж байна.Консерваторууд, либералууд ардчилал зөвхөн улс төрийн хүрээнд л хамаатай гэж тооцдог бол социал-демократууд ардчилал, эрх чөлөө, тэгш эрх нийгмийн бүх хүрээнд адил тархах ёстой гэж үздэг байна.Ардчилал Ойрхи дорнодод болон Африкт өдрийн од мэт байгаа бол Зүүн Европ руу ардчилал илүү чиглэсэн, Зүүн өмнөд Азид дөнгөж дэлгэрч эхэлж байна.



[1] Bernard Grick, in Defence of Politics (Baltimore,Maryland, Penguin Books, 1962).p.34

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?