четверг, 14 апреля 2011 г.

захиргааны тухай ойлголт

Төрийн захиргааны тухай ойлголт:

Европ, Америкийн орнуудад “public administration” буюу бидний “төрийн захиргаа” хэмээн нэрлэж байгаа ойлголтыг “нийтийн захиргаа” гэж нэрлэдэг. Ингэж нэрлэхийн учир нь нэгд, төрийн захиргаа, төрийн удирдлага гэсэн ойлголтыг нийтийн, олон нийт гэсэн “public гэдэг нэр томъёогоор нэрлэж ирсэн уламжлалтай холбогдох ба хоёрт, “нийтийн” гэсэн тодотгол нь төрийн байгууллагаас гадна бусад ашгийн бус байгууллагуудыг хамаарч байгаа гэсэн утгыг агуулж байгаа юм. Ингэж “нийтийн захиргаа” хэмээн нэрлэж байгаа нь энэхүү ойлголтыг хэрэглэж ирсэн өрнөдийн уламжлалаас гадна нийтийн захиргааны (public administration) эрхэлдэг ажлын онцлогтой бас холбоотой.[1] Аль нэг байгууллага эсвэл цөөн хүний сонирхолд нийцсэн явцуу шинжтэй биш харин бүх иргэдийн сонирхолд нийцсэн юмуу уг сонирхлыг зохицуулах, эрх ашигт нь ямар нэг хэмжээгээр үйлчлэх зорилго бүхий нийтийн шинжтэй асуудлууд (байгаль орчныг хамгаалах, хүмүүсийн аюулгүй аж төрөх нөхцлийг хангах, эрүүл мэнд, боловсолын үйлчилгээ үзүүлэх гэх мэт) улс орон бүрт байдаг. Энэхүү нийтийн шинжтэй асуудлуудын талаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагууд, иргэдийн өөрийгөө удирдах байгууллагууд, зарим тохиолдлолд иргэд өөрсдөө шууд оролцдог. Гэхдээ ийм нийтлэг ажил үүргийг голлон хэрэгжүүлдэг, нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон нийтэд үйлчилдэг ажлыг голлон эрхлэгч нь төрийн байгууллага учраас “нийтийн захиргаа” хэмээн нэрлэдэг байна.

Өрнөдийн улс төр судлалд “public administration гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдэх ойлголтыг монголын эрдэмтэд “төрийн захиргаа” хэмээн орчуулан хэрэглэж байна. Төрийн захиргаа буюу “public administration” хэмээх ерөнхий нэр томъёо маань хэрэглэгдэж байгаа нөхцөл байдал, хам утгаасаа хамаарч хэд хэдэн янзаар ойлгогдож байна. Эрдэмтэн А.Цанжид гуайн үзэж байгаагаар энэ нэр томъёо нь нэг биш утгатай юм.[2] Эл нэр томъёоны анхны утгыг нь авч үзвэл Төрийн захиргаа гэдэг нь төрийн байгууллага гэдэг утгатай. Тиймээс үүнийг “аппарат” (оросоор: бюрократия, англиар: bureaucracy, apparatus) гэсэн явцуу утгаар нь авч үзэх нь элбэг байдаг. Ялангуяа энгийн ойлголтын түвшинд ийм утгаар хэрэглэх нь манай оронд түгээмэл юм гэж үзжээ. Харин төрийн захиргаа гэдэг ойлголтын өөр нэг утга нь “төрийн удирдлага” гэсэн утгатай. Тэгэхдээ “төрийн” гэсэн тодотголоор илэрхийлэгдэж байгаа утга нь уг удирдлага хүний нийгмийн амьдралын янз бүрийн салбаруудын дотроос чухамхүү төрийн салбар дахь удирдлагын тухай яригдаж байгаа хэрэг гэдгийг тодруулан зааж байгаа юм. Энэ утгаараа төрийн захиргаа гэдэг нь төрийн үйл ажиллагааны хүрээний удирдлага гэсэн агуулгатай ажээ. Тиймээс “төрийн захиргаа”, “төрийн захиргааны удирдлага” гэсэн ойлголтууд нь адилхан утгаар хэрэглэггддэг байна.

Мөн эрдэмтэн Я.Долгоржав гуайн тэмдэглснээр “public administration гэсэн ойлголт нь хэд хэдэн утгаар ойлгогдох ба үгийн явцуу утгаар нь авч үзвэл энэ нь төрийн захиргаанд ажиллаж байгаа түшмэдийн мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлнэ. Америкийн нэвтэрхий толь бичигт үүнийг “Төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагаа” хэмээн тодорхойлсон нь монгол хэлний “төрийн захиргаадалт” хэмээх ойлголттой таарна[3] гэж үзсэн байна. Тэрээр төрийн захиргаадал гэдэг бол түшмэл хүн ноогдсон үүргээ хууль дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажиллагаа юм. Францын улс төр судлаач Р.Грегори “Францын иргэний алба” хэмээх нэгэн сэдэвт бүтээлдээ “Төрийн удирдлага гэдэг бол төрийн сонирхолд нийцүүлэн хөгжлийг цэгцлэхэд чиглэсэн нийгмийн онцгой үйл ажиллагаа бөгөөд тэнд төрийн түшмэл эрх мэдлийн (гүйцэтгэх) гол төлөөлөгч болж байдаг” хэмээн бичсэн нь чухамхүү төрийн захиргаадалд түлхүү анхаарсныг харуулж байна. Гэвч төрийн захиргааг төрийн захиргаадал буюу түшмэдийн үйл ажиллагаа төдийгөөр ойлгож болохгүй харин эрх мэдэл, албан тушаалын чандлан тогтоосон шатлал, эрэмбэ, элдэв нөөц бүхий захиргааны байгууллагуудын зохистой тогтолцоо бөгөөд тэдгээр эрх мэдлээр нь дамжин төр, засгийн шийдвэрийг биелүүлэх хариуцлага дээрээсээ доошоо бууж ирдэг юм. Үүнийг монгол хэлний “төрийн захиргааны удирдлага” товчоор “төрийн захиргаа” гэсэн утга түүний агуулгад нийцэж очно гэж үзжээ.

Манай оронд “нийтийн захиргаа” гэдэг нэр томъёог хэрэглэж хэвшээгүй бөгөөд харин “public administration хэмээх ойлголтыг тойрч, түүний үндсэн агуулгыг тодотгосон шинжтэй бусад олон нэр томъёо, туслах ойлголтууд бий болсон ч тэр бүхнийг нэгтгэсэн “төрийн захиргаа” гэсэн нэр томъёо уламжлал болон хэрэглэгдэж ирсэн ба “нийтийн захиргаа” гэсэн ойлголттой адил утгаар хэрэглэгдэж байна.



[1] А.Цанжид Төрийн захиргаа.УБ.,2009

[2] А.Цанжид Төрийн захиргаа.УБ.,2009

[3] Я.Долгоржав “Төрийн захиргааны удирдлага, түүний тойронд өгүүлэхэд” Төрийн захиргаа сэтгүүл. УБ.,2002/2

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?