среда, 18 декабря 2013 г.

Социал-демократизм


Олонхи хүмүүсийн хувьд социализм нь тоталитар нийгэм ба түүний үр дагавартай адилхан ойлгогддог.Социализм мөхөв гэж коммунизм сүйрсний дараа зарласан юм. 1989 онд хэвлэлийн гарчиг, тайлбаруудад “Коммунизмын сүйрэл бол социализмын сүйрэл мөн” гэж дээрх ойлголтуудын хооронд ялгаа зөрүүг гаргахгүйгээр бичиж байсан нь зөв баримжаа олоход бэрхшээл учруулж байв.Эдгээрийг санаатайгаар хутгахаас гадна санаандгүй ижилсүүлэх нь мөн чанарыг нь тодруулахын оронд улам бүр төөрөгдөлд оруулж байна.Ардчилсан социализм нь коммунистуудын социализм гэж нэрийдэх тэрхүү ойлголтоос юугаараа ялгаатай вэ? Орчин үеийн нөхцөлд үүний хариулт нь зөв баримжааг тогтооход чухал үүрэгтэй.
Социализм гэдэг бол нэг нь нөгөөгөө баталсан программ, ойлголт, нийгмийн хөдөлгөөн аж.Энэ уялдаа холбоог шинжлэн дүгнэх нь “Ардчилсан социализм гэж юу вэ? Нийгмийн ардчилал гэж юу вэ? зэрэг шинээр тавигдаж буй асуултуудад хариулахтай дүйцэх юм.Социализмын анхдагч өдүүлбэр бол бүх хүн тэгш эрх, эрх чөлөөтэй эв нэгдлийн нөхцөлд ажиллаж амьдрах нийгмийг байгуулах эрмэлзэл байв.Хөдөлмөрийн зохион байгуулалт, шударга хуваарилалт нь бүх хүний амьдралын төдийгүй өөрийн боломжоо тэнцүү хэрэгжүүлэх баталгаа болох ёстой юм.Ардчилсан социализм нь хүнийг амьдралын өргөн хүрээнд байр сууриа олоход туслах зорилготой.Ардчилсан социализм бол гаднаас тулган хүлээлгэсэн ноёрхлыг устгах, хувийн хариуцлагыг хүлээх боломжуудыг нээх эрмэлзэлтэй.Хүн нийгэмд байр сууриа олох явдал нь зөвхөн эв нэгдлийн харилцаа холбооны үр дүнд боломжтой тул улс төр, соёлын салбарт хамтран оролцсоноор биеэ даах бодит эрх бүрдэнэ.Түүний нөгөө нэг шаардлага нь материаллаг хэрэгцээний хангалтын ба шударга хуваарилалтын баталгаа юм.Энэ зорилгод хүрэх зам нь ардчилсан социализмын замаар явж буй орнуудын онцлогоос хамаарч өөр өөр байна.
Ардчилсан социализм гэдэг нь амьдралын бүх салбар дахь тэнцүү эрх чөлөө нь эв нэгдэл ба нийгмийн байгуулалтаар хэрэгждэг улс төр, нийгмийн хэв журмын зарчим юм.Ардчилсан социализмд ардчилал бол социализмын амин чухал сүнс ба урьдчилсан нөхцөл нь юм.Коммунистууд төрийн өмч дээр төвлөрсөн төлөвлөлтийг нэмэхэд социализм бий болно гэж үздэг.Ардчилсан социалистууд социализмыг нийгмийн бүхэлд нь хамарсан ардчилал гэж ойлгодог.Социалист бодлогын алхам бүр хүмүүсийн олонхиор дэмжигдсэн эрх чөлөө ба тэгш эрхийг өргөтгөхөд чиглэгдсэн алхам байх ёстой.Энэ зорилгод л нийгмийн социалист өөрчлөлтийн хэрэгслүүд чиглэгдсэн байх шаардлагатай.
Социал-демократ номлол түүний субъектийн түүхэн хөгжлйин явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ.Энэ номлол онолын уг сурвалжийн хувьд Марксизмаас эхтэй.19-р зууны социал-демократ намууд марксизм бол нийгмийн хөгжлийн зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс нээн харуулагч онол хэмээн үзэж, түүнийг гол номлолоо болгож иржээ.Социал-демократыг нийгэм улс төрийн хөдөлгөөн, үзэл санаа, улс төрийн урсгал гэж ойлгож болно.Өөрөөр хэлбэл социнтернд багтдаг бүх намуудын онол практикийг гол төлөв социал-демократ гэж нэрлэдэг. Социал-демократ намуудын үүсэж хөгжсөн шалтгаан нөхцөл нь Өрнөдийн аж үйлдвэр хөгжсөн орнуудын ажилчны хөдөлгөөний үүрэг, нөлөө 19, 20-р зууны эхээр мэдэгдэхүйц өссөнтэй холбоотой юм.
Социал-демократууд эхний үед марксизмын хувьсгалт үндэслэлүүдийг баримталж байсан бөгөөд цаашид амьдралын бодит үйл явц түүнийг нийгмийг өөрчлөн байгуулах аажим хувьслын зам дээр гаргасан юм.Социал-демократ чиглэлийн намууд парламентын намууд болж тэдгээрийн цаашдын хөгжил нь алхам алхамаар марксизмаас холдон хөндийрч, шүүмжлэлтэй хандах болжээ.Тэд хуучин байгууллыг үндсээр нь устгах, пролетарийн диктатур тогтоох, ангийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсал бол хуучин дэглэмийг түлхэн унагаах гол төдийгүй ганц арга замын тухай заалтуудаас татгалзах болжээ.Ажилчин ангийн олон шаардлагуудыг аажмаар өөрчлөн шинэтгэх явцад тайван замын арга хэрэгслээр шийдвэрлэж болохыг тэд өөрсдийн туршлага дээрээ үзэж итгэжээ.Социал-демократ намууд онол номлолд гэхээсээ амьдралын бодит байдалд илүү анхаардаг.Тэдгээрийн прагматик үзэл, харилцан буулт хийх зарчимд тууштай хандах нь эндээс үүдэлтэй гэж болох юм. 20-р зууны эхээр ажилчны хөдөлгөөнд хагарал гарсан. Гурав дахь Коммунист Интернационал байгуулагдсан нь түүний зохион байгуулалтын илрэл болжээ.Нийгмийн нэг үндсээс ургаж өндийсөн социал-демократ ба коммунист үзэл нийгэм эдийн засаг, улс төрийн чухал чухал асуудлуудыг тэс ондоо аргаар шийдвэрлэх болсон.Социал-демократ хөдөлгөөн капитализм социализмд аажмаар урган орно гэсэн чиглэлийг барьж хувьсгалт замаас өөрийгөө салан тусгаарлаж, ардчилсан социализмд шилжих чиг баримжаанд тулгуурлах болсон юм.
Нийгмийг эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийн үндсэн дээр өөрчлөн шинэтгэх тулгуур санааг Германы социал-демократ Эдуард Бернштейн санал болгожээ.Тэрээр 1899 онд хэвлүүлсэнСоциализмын асуудлууд ба социал-демократын зорилт хэмээх номондоо капитализмыг шинэ,социализст нийгмээр халахад зайлшгүй хүргэх шалтгаан, хүчин зүйлсийн талаар тайлбарласан К.Марксын нэмүү өртгийн онол, ангийн тэмцлийн тухай сургаал, мөн коммунист нийгэм эдийн засгийн байгуууллын тухай марксист үндэслэлүүд хөгжилтэй капиталист орнууд,тухайлбал Германд болж байгаа бодит үйл явцтай зөрчилдөж, хэрэгжих чадваргүйгээ харууллаа гэж өгүүлжээ. Улмаар капиталист нийгмийг зөвхөн аажмаар хувьсган шинэчлэх ёстой тийм нөхцөл бүрэлджээ.Иймд “хөдөлгөөн л байвал боллоо, эцсийн зорилго юу ч биш” гэсэн дүгнэлт хийжээ.Гэвч энэ номлолыг социал демократчуудын цөөнх нь хүлээн зөвшөөрч, олонх нь К.Каутский, Р.Гильфердинг зэрэг онолчдын тайлбарласан хэмжээнд марксизмыг хүлээн авч баримтлах болжээ.Улмаар 20-р зууны эхээр ажилчны нэгдмэл хөдөлгөөнд хагарал гарахад В.И.Лениний сургаалыг тууштай баримтлагчид нь олон улсын коммунист хөдөлгөөнд нэгдэж, харин марксизмыг шүүмжлэлтэйгээр авч үзэж Э.Бернштейн К.Каутский нарын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөгчид нь социал-демократ урсгалд нэгджээ. Дэлхийн 2-р дайнаас хойших үеийн социал-демократын хөгжил хувьсгал нь нэн нарийн төвөгтэй, зөрчилтэй юм. 50-аад оноос социал-демократууд марксизмаас хэрэг дээрээ бүрэн татгалзсан байна. Социал-демократууд 1951 онд Майн дахь Франкфуртэд Социалист интернационалыг зохион байгуулах их хурлыг зарлан хуралдуулж тус их хурлаас “ ардчилсан социализмыг” албан ёсны үзэл суртал, улс төрийн номлолоо хэмээн тунхаглажээ. “Ардчилсан социализмын” үндэс нь христос шашны ёс зүй, хүнлэг үзэл, орчин үеийн өрнөдийн философийн нэлээд олон чиглэл, урсгал юм. Ийнхүү орчин үеийн социал-демократ хөдөлгөөнд социализмын тухай албан ёсны номлол бий болжээ.
Гэхдээ энэ номлол ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн юм.Дэлхийн 2-р дайнаас хойш социал-демократ номлолын хувьслыг гурван томоохон үед хувааж үзэж болох юм.
1. 50-60 аад оныг хамрах энэ үед социал-демократ намууд программын баримт бичгүүдээ боловсруулжээ.Үүнд: 1951 онд Социалист Интернационал, 1958 онд Австрийн социалист нам, 1959 онд Өрнөд Германы социал-демократ нам зэрэг социал-демократ чиглэлийн намууд программаа баталсан үе юм.Ингээд социал-демократ намууд нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж, капиталист нийгэмд болж буй бүхий л үйл явцыг жолоодож болно гэж үзэн холимог эдийн засгийн механизмыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх чиг бодлого баримтлах болжээ.Энэ бүгд нь нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хүн амын янз бүрийн давхрааны дотор нөлөөгөө бэхжүүлэх бололцоог тэдгээр намд олгожээ. 1951 онд Майн дахь Франкфуртэд болсон Социалист интернационалын зохион байгуулах их хурлаас баталсан тунхагт социализм бол гагцхүү ардчилсан нийгэмд байх бөгөөд энэхүү ардчилал нь нийгмийн амьдралын бүх хүрээг, тэрчлэн улс хоорондын болон олон улсын харилцааг бас хамрах ёстой гэж заажээ.Мөн тунхагт нэгдмэл үзэл сурталтай байх шаардлагагүй гэж өгүүлээд социалистууд итгэл үнэмшлээ марксизмаас юмуу эсвэл нийгмийн сэтгэлгээ, нийгмийн ухамсрын өөр чиглэл, хэлбэрээс олж авсан ч, бүгд л адилхан нийгмийн шударга ёсыг дээдэлсэн, аж байдлын түвшин нь илүү өндөр, эрх чөлөөтэй, дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалдаг тийм нийгэм байгуулах нийтлэг зорилгын төлөө л байдаг гэж тодорхойлжээ.Ийм байр суурь нь социал-демократ хөдөлгөөнд нийгмийн сэтгэлгээний янз бүрийн чиглэлийг баримтлагчдыг, шүтлэгтэн, эс шүтэгчдийг аль алийг нь нэгтгэх бололцоог бий болгожээ.Энэ тунхагт тусгагдсан зарчмын бас нэг заалт бол социализмыг тогтсон нэг хэв загвар биш, харин үйл явц гэж үзсэн үндэслэл мөн.Франкфуртын тунхаг дахь ийм прагматик бодлого нь зарим оронд “ шинэ зүүний” залуучуудын хөдөлгөөн, мөн социал-демократ дахь зүүний байр суурь баримтлагчдын эсэргүүцэлтэй тулгарч, 60-аад оны сүүлчээс социал-демократ хөдөлгөөний дотор өргөн шүүмжлэл хүчтэй яван, түүнийг бүрэлдүүлэгч намууд уг номлолоо хянан үзэх болжээ.
2. 60-аад оны сүүлч, 70-аад оны эхэн үеийн энэ өргөн шүүмжлэл нь социал-демократуудын онол, улс төрийн үйл ажиллагааны 2 дахь үе юм. Тэрхүү өргөн шүүмжлэлд оролцогчид, ялангуяа зүүний төлөөлөгчдийн баримталсан нийгэм, улс төрийн баримтлалын гол нь шинэчлэлийг эрс гүнзгийрүүлж, зөвхөн ард түмний аж амьдралын нөхцлийг сайжруулах төдийгүй нийгмийг бүхэлд нь чанарын илүү өндөр түвшинд хүргэж, капитализмын хүрээнээс халин гаргах, шинэчлэлийн зорилго нь социализмын чиг баримжаатай байж хүн ард уг бодлогыг идэвхтэй дэмжих нь чухал гэж үзсэн үзэл юм.Чухамхүү энэ үед “ системийг өөрчлөх" “системийг тодорхойлох” бодлого боловсруулах, “капитализмаас тасран салах” стратеги гарч иржээ.Онолын энэ эрэл хайгуул янз бүрийн намын программд ямар нэг хэмжээгээр туссан байна.
70 –аад оны тэргүүн хагаст дэлгэрсэн эдийн засгийн хямрал нь капитализмын урсгал шинж чанарыг хязгаарлах ёстойн тухай, реформ бол капитализмыг аажмаар чанарын хувьд өөрчлөхөд хүргэх ёстойн тухай чиг баримтлалд социал-демократуудыг хүргэжээ.
3. Социал-демократын үзэл суртал улс төрийн номлолын өөрчлөлтийн гуравдугаар үе 80-аад оны хоёрдугаар хагасаас эхлээд эдүгээ хүртэл үргэлжилж байна.Орчин үед социал-демократын үзэл суртал улс төрийн гол номлол нь ардчилсан социализмын онол хэвээр байгаа боловч 1951 онд Майн дахь Франкфуртэд болсон Социнтерний зохион байгуулах их хурлаас баталсан анхны программын баримт бичигт тунхагласнаас ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн гэж хэлж болно.Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг дээрх онол үндсэн үнэт зүйлс гэж үзэж байгаа бөгөөд энэ үүднээс капитализм бол шударга бус нийгэм учраас илүү шударга, илүү чөлөөт нийгэм болох ардчилсан социализмаар түүнийг солих хэрэгтэй гэж үзэх боллоо.Үүнийг тухайлбал, Социалист Интернационалын 18-р их хурал, түүний үндсэн баримт бичгүүдийн үзэл санаа, Социнтерний томоохон нам ГСДН-ын 1989 оны 12-р сард баталсан шинэ мөрийн хөтөлбөрөөс үзэж болох юм.
Орчин үеийн социал- демократ номлолыг дэлхий дахины хөгжлийн өнөөгийн хандлагад нийцүүлэн, боловсронгуй болгох талаар 1989 онд Стокгольмд хуралдсан Социалист интернационалын ээлжит их хурал чухал үүрэг гүйцэтгэжээ.Тус их хурлаас Социалист интернационалын дүрэм, үндсэн бусад баримт бичгүүд, түүний дотор үзэл суртал, онол, улс төрийн номлолыг тусгасан “ зарчмуудын тунхаг” хэмээх нь мөн чанартаа 1951 оны Франкфуртын тунхагийг орлосон шинэ мөрийн хөтөлбөр болов.Эдгээр баримт бичгийн агуулгаас үзэхэд социал-демократ намууд эдүгээ уламжлалт зарчмууд, үнэт зүйлсээ урьдын адил хүндэтгэхийн зэрэгцээ олон улсын харилцаа, нийгмийн дэвшлийн олон асуудлаар онолын баримтлал, номлолоо нэлээд хянан үзэх болсон нь харагддаг.Эн тэргүүнд нийт хүн төрөлхтний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг илүү анхаарах болж, тэдгээрийг ангийн эрх ашгаас дээгүүр тавьж, ийм байр сууринаас дайн, энхийн асуудал, экологийн асуудлыг онцлон авч үзэж байна. Социализмын үзэл санаа бүх дэлхийн хүмүүсийн санаа бодлыг эзэмдэн улс төрийн урсгалууд үүсэж, амжилттай хөгжихөд дөхөм үзүүлж, 20-р зууны үйл явдлуудад нөлөөлсөн юм гэж тунхагт тэмдэглэжээ.Үүний зэрэгцээ олон асуудылг гагцхүү хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой юм.Орчин үеийн эдийн засаг, технологи, улс төр, нийгмийн өөрчлөлтүүд нь манай дэлхий ертөнц гүн гүнзгий өөрчлөгдөж байгааг харуулж байна хэмээн социал-демократууд үзэж байна.Социалист интернационал орчин үед эдийн засаг, нийгэм, улс төрийн бүтцийг ардчилахад онцгой анхаарах боллоо.Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл бол урьдын адил үндсэн зарчим хэвээр хадгалагдсаар байна.Эдгээр зарчмыг социал-демократууд өөр хоорондоо нягт уялдаатай , харилцан бие биенээсээ хамааралтай гэж үздэг.Дээр дурьдсан ардчиллын үзэл санаа нь эрх чөлөө, шударга ёсны зарчим дээр үндэслэдэг.Улс төрийн ардчилал бол социалист нийгмийг бүрдүүлэгч салшгүй нэг эд эс нь мөн. Ардчилсан социализм бол нийгэм, эдийн засгийг ардчилах, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх байнгын үйл явц мөн гэж социал-демократ номлол эдүгээ үзэж байна.Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бат бэх энх тайван эрхэм чухал бөгөөд эрин үед цөмийн болон бусад зэвсгээр бие биеэ айлган сүрдүүлэх замаар түүнийг сахин хамгаалах боломжгүй.Иймээс зэвсгийг бүх нийтээр хурааж, аюулгүй байдлын шинэ систем, улс төрийн харилцан итгэлцэл бий болгох хэрэгтэй гэж Стокгольмын их хурал үзсэн байна .
Чухамхүү ийм байдлаар социализмын болон дэлхий дахины хөгжлийн асуудлуудад социалист, социал-демократ, лейборист олон намууд хандаж байна.Тухайлбал, ГСДН шинэ мөрийн хөтөлбөртөө “капитализмыг зөвхөн шинэчлэх нь хангалтгүй, харин эдийн засаг, нийгмийн шинэ байгуулал шаардлагатай”[1] “Бид иргэдийн улс төрийн идэвхид тулгуурласан, нийгмийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх чадвартай шинэ зорилтуудад нийцүүлэн.өөрийгөө өөрчилж, тэдгээрийг шийдвэрлэх чадвартайгаа харуулах орчин үеийн ардчилсан төр улсыг хүсэж байна”[2] гэж заажээ.
Социализмыг хэрэгжүүлэх гол нөхцөл, уг нийгмийн мөн чанар бол жинхэнэ ардчиллыг нийгмийн амьдралын бүх хүрээнд хангах явдал гэж социал-демократ номлол үзэж байна. Социализм бол социал-демократ номлолоор улс төрийн ардчиллыг тогтоож, хөдөлмөрчин, ард түмэнд улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаатай болгон, парламентын ардчилсан систем бүхий бөгөөд нийгийг удирдах үйл хэрэгт олон түмэн идэвхтэй оролцдог “ ард түмний төлөө удирдлага нь байдаг” тийм нийгэм юм.Иймд төр нь иргэдээ биш, харин иргэд нь төрөө хянах ёстой.Социализм бол өмчийн олон хэлбэрийн хөгжлийг ханган, цөөнхийн гарт эдийн засгийн эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байж, эдийн засгийг удирдахад хөдөлмөрчид идэвхтэй оролцох баталгааг бий болгон, байгалийн бүх нөөц баялгийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах чадвар бүхий эдийн засгийн ардчилал төлөвшсөн тийм нийгэм мөн гэж социал-демократууд номлодог.Орчин үед ардчилсан социализмын нэг чухал зорилт бол хөдөлмөрчдөд хөдөлмөрлөх , боловсрол олгох, эмчлүүлэх, амрах, орон сууц эдлэх эрх, нийгмийн хангамж эдлэх зэрэг эрхийг баталгаатай болгодог нийгмийн ардчилал тогтоох явдал юм.
Социал-демократууд аливаа хүчирхийллийг үгүйсгэн, энэ үүднээс нийгмийг хувьсгалт замаар өөрчлөх нь бас хүчирхийлэл мөн хэмээн үзэж капитализмаас орчин үед социализмд гагцхүү тайван замаар, хувьслын замаар хүрэх ёстой гэж үзэж байна. Тэд орчин үеийн хөрөнгөтний төр бол ангийн шинжгүй болсон, нийт ард түмний төр учраас түүнийг хөдөлмөрчин олон түмний төрөөр солихгүйгээр харин түүний тусламжтайгаар социализмд шилжих боломжтой гэж үзэж байна. Соцаил-демократ номлол ийнхүү ангиудын хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг иш үндэс болгодог.Социал-демократ намууд нийгэм,улс төрийн номлолоо хэрэгжүүлэх үүднээс томоохон бодит алхмууд нь тэдгээрийн нөлөө өсөн нэмэгдэх нэг гол хүчин зүйл болж байна.Энэ бол юуны түрүүнд хөдөлмөрчдийн ардчилсан эрхийг хамгаалж, ардчиллыг хөгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээнүүд юм.Социал-демократууд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлж, дэвшил, социализмд хүрэхэд ардчиллыг бэхжүүлж, өргөжүүлэхгүйгээр боломжгүй гэж үздэг.
Тэд хөдөлмөрчдийн аж амьдралын материаллаг нөхцлийг сайжруулах, нийгмийн хангамжийн нэлээд боловсронгуй систем бий болгох, боловсрол, эрүүлийг хамгаалах, орон сууцаар хангах зэрэг чиглэлээр ардчилсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхдээ хуучин ертөнцөөс дэвшилт бүхнийг нь эцсийн зорилгоо хэрэгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах үүднээс авч ашиглах нь зүйтэй гэж үздэг.
Ийнхүү социал-демократууд онол, улс төрийн номлолоо орчин үеийн дэлхий дахины хөгжлийн бодит байдал, хандлагатай уялдуулан шинэчлэхийг зорьж байна.Социал-демократ номлолын субъект болох орчин үеийн социал-демократ хөдөлгөөн бол ажилчны хөдөлгөөний дотроос бие даан хөгжсөн бөгөөд онол, улс төрийн номлол, улс төрийн соёлоороо өвөрмөц нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөний нэг юм.Түүний онцлог шинж нь бол нийгмийн хөгжил, үзэгдэл, үйл явцыг бодитойгоор үнэлэн энэ бүхэнд нийцүүлэн үзэл суртал, онол, номлолоо ямагт шинэчлэх эрмэлзэл, нийгмийн сэтгэлгээний бусад чиглэлд хүндэтгэлтэй хандан харилцан буулт хийх зарчим юм.Гэхдээ аливаа хүчирхийлэл, тоталитаризмыг зөвтгөгч хүчнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Энэ зарчим нь түүнд одоо ч хадгалагдсаар байна.
Гэхдээ энэ бүхэн нь аливаа хөдөлгөөний нэгэн адил социал-демократын дотоодод зөрчил үүсэж, ялангуяа улс төрийн бодлогын хувьд өөр өөр урсгал гарч ирж байгааг үгүйсгэх гэсэн хэрэг бишээ.Эдүгээ социал-демократууд улс төрийн номлолдоо харилцан адилгүй хандаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тэдний зарим нь марксизмыг хуучирсан, үүний улмаас хүн төрөлхтний хөгжлийн одоогийн зуунд хэрэгжих боломжгүй сургаал, капиталист нийгэмд хувьсгалт өөрчлөлт хийх бололцоо эдүгээ байхгүй болсон , тийм болохоор хөрөнгөтнүүдтэй эвлэрэх бодлого баримтлах нь зүйтэй гэж үздэг.
Гэтэл нэлээд хэсэг нь социализмын зарим ололтыг хүлээн зөвшөөрч социализмын энх тайванч гадаад бодлогыг үнэлдэг.Харин тэд социалист гэгдэж байгаа орнууд нийгмийн бодлого хэрэгжүүлэх талаар, ер нь нийгмийн хүрээнд төдийлөн амжилт олоогүй, социалист ардчилал гэгч нь олон түмэнд жинхэнэ ардчиллыг хэрэг дээрээ хангаж чадахгүй гэж үздэг.
Социалист, социал-демократ намууд эрх барьдаг болон эвслийн засгийн газарт багтдаг зарим оронд иргэдийн аж төрөх нийгмийн баталгаа нэлээд сайн байгаа,тэд орон сууцаар хангагдах, нийгмийн даатгалаас, нийгмийн янз бүрийн фондоос наад захын хэрэгцээгээ хангах боломж муугүй байгаа зэрэг нь социал-демократын энэ хэсгийнхэн дээрх дүгнэлтийг хийх үндэс болжээ.
Гурав дахь нь капитализмыг нийгмийн байгууллынх нь хувьд аажмаар социализмаар халах зорилт тавьж, үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс олон түмний гүнд орж ажиллах, олон нийтийн байгууллагууд, олныг хамарсан дэвшилтэт хөдөлгөөнүүдтэй нягт хамтран ажиллах бодлого явуулж, ажилчны хөдөлгөөний түүхэн хагарлыг даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Орчин үед социал-демократ номлол, социалист, социал-демократ хөдөлгөөний нэр хүнд нөлөө дараах шалтгаан, хүчин зүйлсийн улмаас өсөн нэмэгдэх боллоо.Энэ бол:
Нэгдүгээрт:, орчин үеийн капитализмын нөхцөл дэх ажилчны болон ардчилсан ихэнх хөдөлгөөний хөгжлийн объектив хүчин зүйлстэй холбоотой юм.Социал-демократ намууд анх ажилчин ангийн улс төрийн байгууллга болон үүсэн учир социал-демократын роль уламжлалын хүч болон хадгалагдаж ирсэн юм.Үүнтэй уялдан эдүгээ капиталист орнуудад реформист хандлага хүчтэй болж байгаа нь социал-демократын нэр хүнд, нөлөөг өсгөж байна.
Хоёрдугаарт: социализмын коммунист загварыг сонгон явж ирсэн орнуудад орон бүрийн үндэсний өвөрмөц онцлог, хөгжлийн хүрсэн түвшин, гадаад хүчин зүйл зэргийг нягт харгалзах үүднээс нийгмийн дэвшлийн асуудалд бүтээлчээр хандахын оронд догматикаар хандаж нэг орны туршлагыг хуулбарлахад хүрч байсны улмаас нийгмийн амьдралын бүх хүрээнд гажуудал бий болж хөгжлийн явц ихээхэн удаашран хүний төлөө гэсэн социалист үзлийн үндсэн агуулга зөрчигдөж, энэ бүхэн нь эдгээр орны намуудын нөлөө нэр хүнд буурах, харин социал-демократын нэр хүнд, нөлөөг өсөн нэмэгдэхэд үйлчилсэн бас нэг хүчин зүйл болсон байна.Социал-демократууд чухамхүү ардчилал, ил тод байдлыг гүнзгийрүүлэх, нийгмийн социал хүрээний жигд хөгжлийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, нийгмийн шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдлийг хангах зэрэг асуудалд ихээхэн анхаарч бодитой алхам хийж ирсэн нь ажилчин анги, ардчилсан хүчнүүдийн анхаарлыг зүй ёсоор татах болжээ.
Гуравдугаарт: социал-демократууд номлолоо нийгмийн шинэ үзэгдэл, үйл явцад бодитойгоор нийцүүлэн цаг ямагт шинэчлэн баяжуулж ирсэнтэй холбоотой.
Ийнхүү социал-демократ номлол нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд улс оронд харилцан адилгүй үнэлэгдэж, боловсронгуй болж иржээ.
Үүний дотроос тэрбээр эв нэгдлийг нэгдүгээрт тавьж түүнгүйгээр капитализмын нөхцөлд эрх чөлөө, тэгш эрх дийлэнхийн хувьд сайхан ярианаас хэтрэхгүй хэмээн үзжээ.Иймээс социалист нийгэмд нийгмийн нийт гишүүдийн тэгш байдлаас татгалзахгүйгээр нэгэн зэрэг эдийн засгийн өндөр үр ашиг, илүү эрх чөлөөт байдалд хэрхэн хүрэх вэ? гэдэг асуудал социал-демократуудын цаашдын тэмцлийн түүхийг тодорхойлсон гэдэг.Дайны дараах социал-демократ үзлийн гол үзэл санаа Германы социал-демократ намын Годесбергийн программд тусгалаа олжээ.Социал-демократууд эрх зүйт төр, олон ургалч үзэл, олон намын системийн тухай үзэл санаагаар зэвсэглэснийхээ үрээр том амжилтанд хүрч чадсан. Нэлээд орнуудад засгийн эрх барих үедээ социал-демократууд эдийн засгийн зарим салбарыг улсын болгох, нийгмийн программыг урьд өмнө байгаагүйгээр өргөжүүлэх, ажлын цагийг багасгах зэрэг олон шинэтгэлүүдийг санаачлагч болжээ.Эгнээндээ 40 гаруй Европын болон бусад орны социал- демократ намуудыг нэгтгэсэн Социалист Интернационал дэлхий дахинд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн юм.
Европын орнуудаас ардчилсан социализмынскандинавын загвар дорвитой амжилтанд хүрч чадсан байна.Гол үр дүн нь:
1. Харьцангуй богино хугацаанд өндөр үр ашигтай эдийн засгийг бий болгосон.
2. Хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүсээ ажлаар хангасан
3. Ядуурлыг арилгасан
4. Дэлхийн хамгийн хөгжингүй нийгмийн хамгааллын систем бий болгосон
5. Бичиг үсэг, соёлын өндөр түвшинд хүрсэн зэргээр харагддаг байсан байна
Скандинавын орнуудад ардчилсан нийгмийн төр илүү шударга байдлыг хангах зорилгоор үндэсний орлогыг дахин хуваарилах үүрэг хүлээдэг.Үүний үр дүнд олон хэвшилтэй, холимог эдийн засгийг нийгмийн баримжаа бүхий зах зээлтэй зохистой хослуулан нийгмийн тэгш бус байдал, баян ядуугийн ялгааг багасгаж чаджээ.21-р зууны босгон дээр урьд нь социал-демократ, либерал, консерваторуудын хооронд ширүүн тэмцлийн шалтаг болж байсан үзэл суртал улс төрийн чиг баримжаа ч ойртжээ.Одоо үед ардчиллынхэмжээ хязгаар маргааны гол сэдэв болж байна гэдэг.Консерваторууд, либералууд ардчилал зөвхөн улс төрийн хүрээнд л хамаатай гэж тооцдог бол социал-демократууд ардчилал, эрх чөлөө, тэгш эрх нийгмийн бүх хүрээнд адил тархах ёстой гэж үздэг байна.




Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?